2023 оны 8-р сарын 11-13-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдсан “Robot Challenge World 2023” олон улсын роботын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй дэлхийн хэмжээний томоохон роботын өрсөлдөөн бөгөөд энэ удаад 24 орны 3000 гаруй оролцогч, 1600 гаруй робот оролцож, 12 төрлийн багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Тэмцээнийг 600 гаруй шүүгч шүүн явуулж, 220 гаруй байгууллага ивээн тэтгэж, хамтран ажилласан нь түүхэн дурсамж үлдээв.
Монгол тэмүүлэл сургуулиас Г. Шинэ-Од, Б. Ариунболор багш нарын удирдлагатай 14 сурагч, Шинэ Эрин сургуулиас Г. Идэржаргал багштай 4 сурагч тус тэмцээнд 7 төрлөөр оролцсон юм.
Mega Sumo – Adult төрөлд Монгол тэмүүлэл сургуулийн багш Г. Шинэ-Од амжилттай оролцож, эхний өдөр 2-р байрт шалгарч мөнгөн медаль хүртэн тэмцээнийг “булган сүүлтэй” эхлүүлсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр болсон Robot Rugby – Senior төрөлд манай сурагчдын 2 баг хүч үзэн, гайхалтай тоглолт үзүүлж алт болон хүрэл медаль хүртсэн нь Монголын боловсролын салбарын хувьд нэр төрийн хэрэг болов. Энэ амжилтаараа тэд Монгол тэмүүлэл сургуулийн нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж чадсан юм.
Шинэ Эрин сургуулийн баг нийт 25 багаас 5-р байр эзэлж, өрсөлдөөнтэй тэмцээнийг амжилттай оролцоотойгоор өндөрлүүлэв.
Монгол Улсаас нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцсон бөгөөд нээлтийн үеэр Монголын төлөөлөгчид багийн ахлагч, туршлагатай оролцогч Батзаяа багшийн удирдлага дор жагсан оролцсон нь бахархал төрүүлэв. Түүнчлэн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч, элчингийн зөвлөх Л. Мөнхтүшиг хүндэт зочноор оролцож, үг хэлсэн нь Монголын оролцоог онцгой болгов.
